“Санхүүгийн боловсролын HUB” ТББ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Канад сангийн тэтгэлгээр Баянгол дүүрэгт амьдардаг ЕБС-ийн 15-19 настай 105 хүүхдэд зориулсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт цогц сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд, эхний ээлжинд зөвхөн 15 настай 35 хүүхдүүдэд зориулж, тэдгээрийн насны онцлог, хүсэл мөрөөдөл, ирээдүйн мэргэжил сонголт зэрэгтэй нь уялдуулан санхүүгийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан аж байдлын талаарх сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж, 7 хоног бүрийн Бямба гарагт амжилттай зохион байгуулсаар байна.
Эхний удаагийн сургалтаар хүүхдүүд маань “Мөрөөдөл ба Ирээдүй” сэдвийн хүрээнд өөрийгөө таньж мэдэн, ирээдүйд мөрөөдлийн ажлаа хэрхэн зөв олж хийх, яаж хөрөнгө оруулах талаар ярилцаж, мөрөөдлөө цаасан дээр буулгаж, түүндээ зориулсан төлөвлөгөө гаргаж, эцэг эх, гэр бүлдээ танилцуулж, дэмжлэг авч хэрэгжүүлэх талаар суралцсан.
2 дахь удаагийн сургалтаар “Мөнгө ба Амьдрал” сэдвийн хүрээнд, хүний амьдралд зайлшгүй тохиолддог, санхүүгийн шийдвэр гаргах шаардлагатай үйл явдлуудын мөнгөний хэмжээг тооцоолж сурах, мөнгөний урсгалыг хэрхэн зөв удирдах, мөнгийг одооноос яаж хуримтлал болгох зуршилтай болох талаар болон хэрхэн найзуудтайгаа нийлж мөнгөтэй болох талаар дасгал ажил хийн, хөгжилтэй өнгөрүүллээ.